Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2019 оны байдлаар нэгтгэн танилцуулж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны байдлаар 78.7 хувьтай гарлаа.
Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай байгаагаас 6-р дугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв, санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдлээ.
Засгийн газрын “Өрийн дарамтыг бууруулах" зорилтын хүрээнд 2019 онд арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 8.0 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55 хувь болж 2016 оноос хойших хамгийн бага түвшинд ирлээ. Түүнчлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах зорилт, арга замыг тодорхойлсон стратегийн баримт бичгийг УИХ-аар батлууллаа.
2019 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 252.8 сая ам.долларын ашигтай гарлаа. Ийнхүү төлбөрийн тэнцлийн үзүүлэлт сайжрахад урсгал дансны алдагдал эргэн буурсан ба МИК-ээс 300 сая ам.долларын гадаад бонд босгосон нь эергээр нөлөөлсөн байна. Нөгөө талаас гадаад валютын улсын албан нөөц 2019 оны 6 дугаар сарын байдлаар 4.0 тэрбум ам.доллар байгаа нь ханшийн эрсдэлийг буурахад нөлөөлж төгрөгийн гадаад валюттай харьцах ханш харьцангуй тогтвортой байна.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 22,693.9 тэрбум төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа 53.6 хувь болж буураад байна. Засгийн газрын єрийн 85.1 хувийг гадаад өр, 10.2 хувийг дотоод өр, 4.7 хувийг өрийн баталгаа эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2019 онд нийт 1,553.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар 439.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 417.6 тэрбум төгрөгийг зарцуулж, 94.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгаллаа.
2019 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрээд байна. 2019 онд 36.60 сая тонн нүүрс экспортлож 3 тэрбум ам.долларын экспортын орлого оруулсан бөгөөд 2016 онтой харьцуулахад орлого 2 тэрбум орчим ам.доллар, нүүрсний олборлолт 11 сая орчим тонн нүүрсээр илүү байна.
Авто замын салбарт 2016-2019 онд нийт 1773.33 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд эдгээр төслүүд хэрэгжиж дууссанаар нийт 17 аймгийн төв, 95 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдож Улсын чанартай авто замын сүлжээний нийт 7227.5 км буюу 48.4 хувь нь хатуу хучилттай авто замаар ашиглагдаж байна.
Мал сүргийн тоо сүүлийн дөрвөн жил дараалан өсөж 70 саяд хүрээд байна.
Засгийн газрын экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээг 50 мянган тн-д хүргэх зорилт бүрэн биелээд байна.
2019 онд нийт 2 сая 360 мянган ам. долларын үнийн дүн бүхий 6 төрлийн 58 трактор, 9 нэр төрлийн 83 ширхэг техникийг шалгуур хангасан иргэн, ААН-д техникийн шинэчлэл хийх зорилгоор 10 хувийн урьдчилгаатай, 8 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй лизингээр олголоо.
“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд 2018 онд 200 тэрбум, 2019 онд 300 тэрбум төгрөгийн зээлийн санг бий болгож Хөгжлийн банкны эх үүсвэрээс түүхий эд бэлтгэлд зориулж, хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 2018 онд нийт 20 үйлдвэрт 188.8 тэрбум төгрөг, 2019 онд нийт 107.9 тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолуурын салбарын 14 үйлдвэрт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон.
Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Гурван тулгуурт хөгжлийн бодлого, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг тус тус батлав. Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 57 үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг болгон нэмэгдүүлэв.
Ийнхүү 2016 оноос хойш:
2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ. Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын дундаж цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Төрийн албан хаагчдын цалин 2016 оноос хойш:
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна. Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө.
Засгийн газраас боловсролын үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд “хүүхэд бүрийг цэцэрлэгт” хамруулах, “3 ээлжийн сургуулийг 2 ээлжид шилжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны төсөвт 146 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 116.0 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 106 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 127.3 тэрбум төгрөг, 2018 оны төсөвт 325 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 262.2 тэрбум төгрөг, 2019 оны төсөвт 603 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 616.4 тэрбум төгрөг тус тус батлагдсан байна. БСШУСын салбарын хэмжээнд 2016-2019 оны төсвийн жилд хэрэгжсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нийт 365 барилга, байгууламжийг боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, спорт зэрэг нийгмийн үйлчилгээг хүргэх зориулалтаар ашиглалтад оруулаад байна.
Үүнд:
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор нийслэлийн төвийн 6 дүүрэгт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, жилд 200.000 тоннын хүчин чадалтай сайжруулсан түлшний 4 үйлдвэрийн 8 шугамыг ашиглалтад оруулан гэр хорооллын айлуудыг хангаж, нийслэлийн агаарын бохирдолыг 40 орчим хувиар бууруулж чадлаа.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Орхон голын ай сав, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумбын нуруу нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 19 аж ахуйн нэгжийн 23 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн учир тусгай зөвшөөрлийг нь цуцлав. Мөн Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байсан 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх, ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1,298,047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр тусгай хамгаалалтай газар нутгийн талбайн хэмжээ 31,461,221 га байсан бол эдгээр газрыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32, 759, 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20,94 хувийг эзлэх юм.
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2015 оноос 38.5 хувиар буюу 150 гаруй мянгаар өсөж 2018 онд 529 мянга, 2019 онд 577 мянга орчим жуулчин ирсэн байна. 2019 оны байдлаар ДНБ-ны 3.8 хувь, ажил эрхлэлтийн 4.9 хувийг (54,000 ажлын байр) аялал жуулчлалын салбар бүрдүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна. Эдгээр өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд дараах зохицуулалтуудыг тусгасан болно.
Улсын Их Хурал нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн давуу болон сул талууд, хэрэгжилтийн байдлыг судлан хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн найруулсан. Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дараах зохицуулалтыг шинээр тусгасан.
Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах мерит зарчмыг шинээр тусгасан.
Хууль тогтоомжоос үүдэлтэй иргэдийг хохироосон хууль сахиулах байгууллагуудын алдаа гажуудлыг засч, эрх зүйн орчинг нь иргэндээ ойртсон, тогтвортой болгох зорилгоор Цагдаагийн албаны, Прокурорын байгууллагын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Улсын бүртгэлийн тухай зэрэг гол хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа.